Солонгоc нөxөpтэй эмэгтэйчүүд Монгол бooл гэж доромжлуулж…

0
106

Үзэсгэлэнтэй залуухан Монгол охид минь өнгө мөнгөнд болж хууртан гадаад хүнтэй гэрлэж залуугаараа олон хүүхэдтэй гэрийн мухар сахисан гэрийн зарц шиг амьдрах нь хэвийн үзэгдэл мэт. Тэд очихдоо мэдээж юу гэж л хүний гар хөлийн үзүүрт зарагдахыг хүсэвдээ . Гэвч харамсалтай нь олон муу мэдээ дуулдах болжээ. Энэ мэдээг бид бараг энгийн зүйл мэт хүлээгээд аваад сурчихжээ. Эдгээр бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах төв гэж байдаг болов уу? Үүгээрээ би тэднийг буруутгах гэсэнгүй. Солонгос улсад амьдарч буй нэгэн Монгол охиноос авсан ярилцлгагыг хүргэе. Х бүсгүй БНСУ-ын бэр болоод дөрвөн жил болжээ. Харь нутгийн бэр болж, хар элгийн хүнд боолчлогдох энэ бүсгүй бусдын л адил дутагдаж, гачигдах зүйлгүй сайхан амьдрахыг хүссэн. Гэсэн хэдий ч түүний энэ бодол эцэг, эхээс өгсөн Х гэх нэрийг нь “монгол боол” гэх доромжлолын үгээр сольчихно гэж хэн мэдэх билээ.Бүсгүй гэрийнхээ ойролцоох интернэт төвд сууж байна. Гэрээсээ интернэтэд орох боломжтой ч тухтай ярилцаж чадахгүй болохоор бага хүүгээ салхилуулах нэрийдлээр гараад ирлээ гэсээр яриагаа эхлэсэн юм. -Чи Солонгост очоод хэдэн жил болж байгаа вэ. Яг хаана амьдарч байна. Нөхөр чинь юу хийдэг юм-Би энд ирээд 4-н жил болсон. арван есхөн настай юугаа ч мэдэхгүй охин ирж байлаа. Гэтэл одоо 2 хүүхдийн ээж болчихоод тэднийгээ л харж сэтгэл тайтгарч сууна. Хүний нутагт 2 хүүхэд минь л надад хань болох юм. Манайх Пусанд байдаг, нөхөр маань хүнсний жижиг мухлаг ажиллуулдаг юм, манайхаар бол ТҮЦ л юм даа.-Наана чинь амьдрал хэр байна. Чамайг нэлээд хэцүү, дарамт шахалт дунд байдаг гэж танилаас чинь сонссон?-Тийм ээ, өглөө долоон цагт босож, нөхрийнхөө бас эцэг эхийнх нь хоол цайг бэлдсэнээр миний нэг өдрийн бүүдгэр амьдрал эхэлдэг. Би энэ айлд асрагч, тогооч, гэрийн үйлчлэгчийн л үүрэгтэй.

Нөхөр маань дэлгүүр ажиллуулдаг болохоор өглөө гараад шөнө ирдэг. Тэр хойгуур нь хадам гэх хөгшин солонгосчуудын гарын үзүүрт зогсоо зайгүй зарагдана. Хувцас угаа ,шал арч, хоол хий ,жимс угаагаад өг гээд л бүх зүйлд би гүйнэ. Би амарч суухаас ч . Жаахан л суух гэхээр чи хий гэсэн юм хийсэн үү, алив энийг хий, тэрийг ч хий гээд зүгээр суулгана гэж байхгүй. Нэг өдөр хадам ээж “Чамайг тэр өмхий Монголоос чинь авчрах гэж зуучилсан хүнд чинь 3000 доллар өгсөн. Тийм болохоор чи бидэнд 30 жил хоол хийж өгөх өртэй, монгол боол” гэж хэлсэн. Тэр их доромжлолыг өдөр бүр сонссон ч сонсоогүй юм шиг суух ямар зэвүүцмээр хэцүү гээч. Хааяа ингэж суухаар харьдаг ч юм уу гэж их боддог ч харь хүний 2 хүүхэд дагуулаад Монголдоо очсон би эцэг, эх, хамаатан садныхаа нүүрийг яаж харах юм. Тэгсэн дор бол үхэн үхтлээ энд доромжлуулаад сууж байсан минь дээр биз. Тэгээд ч энэ аймшигтай амьдралыг би өөрөө сонгосон бодохоор одоо хэчнээн харамсаад яахвдээ. Олигтойхон мэдлэгтэй, ажил мэргэжилтэй байсан бол өдийд юу гэж ингээд хүний нутагт боолын хөдөлмөр эрхлээд сууж байхав. Тиймээс энэ бүхэнд би л буруутай. -Чи яаж яваад солонгос иргэнтэй суув? -Ээжийн маань найзын хүргэн нь солонгос хүн байсан. Тэр хүнээр дамжуулж нөхөртэйгөө танилцсаж байсан. Би өөрөө дуртай байсан л даа. Учир нь манайх амьдралын бололцоо муутай болохоор би дээд сургуульд орж чадаагүй. Арван жилийн сургууль төгсөөд гэртээ нэг жил зүгээр суусан. Үеийнхэн маань тийм ч их, дээд сургуульд сурч байна, оюутан байх сайхан юм гээд сайрхахад, намайг сургуульд сургах бололцоогүй эцэг, эхдээ л гомддог байсан. Хэдий гадаадын иргэдтэй суусан бүсгүйчүүд тэр дундаа солонгос хүнтэй суусан нь жаргахаасаа зовох нь их тухай мэдээллийн хэрэгслээр үздэг, сонсдог байсан ч надад аз таарна гэж итгэсэн. Гэтэл амьдрал минийхээр болдоггүйг ухаарсан даа. Би энд ганцхан хадмууддаа дарлуулдаг бол арай дээр байх байсан. Гэтэл нөхөр маань хүртэл найзуудтайгаа хардаж хааяа гар хүрж,зоддог. Энэ мэт тоочоод байвал зовлон, бэрхшээл дуусахгүй дээ.

-Чамд шалтгаан байсан болоод харь нутгийн бэр болж. Гэсэн ч ханилах хүнээ сайн судалж болоогүй хэрэг үү. -Гэрлэхээсээ өмнө нь нөхөртэйгөө уулзсан уу. Манай зарим эмэгтэйчүүд зураг төдийхнөөр баримжаа аваад л гадны иргэдтэй гэрлэдэг гэж байсан? -Нөхөртэйгөө уулзалгүй яахав. Тэр бүр Монголд ирж надтай танилцсан юм. Манайд ирэхдээ үнэтэй гоё хувцас, бэлэг сэлт гээд зөндөө зүйл авчирч өгсөн. Тэр 2006 оны 5-н сард Монголд ирж, сарын дараа би Солонгосыг зорьсон. Энд ирсэн эхний хэдэн сар үнэхээр сайхан байсан. Хүн болгон л сайхан ханддаг байлаа. Би ч нөхрийнхөө гэрийнхэнд дасаж эхэлсэн. Ингээд 2007 оны 4-н сард бид хуримаа хийж, Монголоос аав, ээж хоёр хүртэл ирсэн. Тэдний зардлыг бүгдийг нь нөхөр гаргасан. Удаа ч үгүй би жирэмсэн болж, хүүхдээ төрүүлснээр там шиг амьдрал маань эхэлсэн дээ. Нялх хүүхэд чинь уйлагнах нь их, тэр бүхэнд “Хүүхдээ албаар уйлуулж, хүн унтуулсангүй” гэж хадамууд бас нөхөр ууцаарлаж, уурлана.
Одоо бол намайг бүр хүн ч гэж тоохгүй зарц нь юм шиг л харьцдаг. Бодвол хоёрын хоёр хүүхэдтэй энэ хүүхэн хаа холдов гэж боддог байх л даа. -Чи энд байгаа аав, ээждээ хэрхэн амьдарч байгаа тухайгаа хэлдэг үү. Монголдоо буцаж ирэх бодол үнэхээр алга гэж үү? -Эцэг, эхдээ хэлээгүй ээ. Санааг нь зовоогоод яахвдээ . Хүний аав, ээж болсон хойно хэлбэл буцаад ир гэж хэлэх байх. Гэтэл яваад очих зардлаас өгсүүлээд надад ямар ч мөнгө байхгүй. Дээр нь гадаад паспортоо хараагүй 4-н жил боллоо. Энд ирэхэд л нөхөр маань авсан, тэрнээс хойш надад өгөөгүй. Бодвол нуучихсан биз. Хааяа нэг аав, ээжтэйгээ утсаар ярьдаг ч тухтай хэдэн үг сольж чаддаггүй гээд л бод. Утсаар удаан ярилаа, төлбөр нь өндөр гарчихна гээд өнөөх хадам чавганц үглэж эхэлдэг. -Чи Солонгосыг зорихдоо тодорхой хэмжээний мөнгө гэр рүүгээ явуулж байна гэж бодсон байх. Ер нь нөхөр чинь мөнгө өгч байна уу? -Хоол болон ойр зуурын хэрэглээний мөнгө л өгдөг. Тэрнээс нь илүүчлэх гэж байдаг аргаа хэрэглэнэ.Гэхдээ тэр бүр чаддаггүй. Учир нь хүнсний зүйл цуглуулахаар зах явахад байнга хадам ээжтэй цуг явдаг юм. Тийм болохоор хүүхдэд хувцас, өөртөө оймс ав гэж өгсөн хэдэн төгрөгнөөс нь л хумсалж гэр рүүгээ явуулдаг. 2 сардаа 300.000 вон явуулаад байж чаддаг. Тийм болохоор манайхан намайг давгүй амьдарч байгаа л гэж боддог.

-Чи хоёр хүүхэдтэй гэж байсан. Хэдэн настай юм?-Том хүү маань 3 ой гарантай, бага нь 1 ой 3 сартай. Үнэнийг хэлэхэд би эрэгтэй хүүхэд төрүүлсэндээ их баярладаг. Хэрвээ хүүхдүүд маань охин байсан бол бас л над шиг зовох байсан. Тийм болхоор хөвгүүд минь өсөж томроод намайг хамгаална шүү дээ. Ингэж бодохоор л сэтгэл уужирдаг. -Энэ асуулт сэтгэлийг чинь эмзэглүүлж магадгүй юм, уучлаарай. Ингэхэд нөхөр чинь чамд хайртай юу, бас чи? -Зүгээр дээ. Мэдээж бид хайрлаж, дурлалцаж гэрлээгүй болохоор хайрын тухай сэдэв хаалттай байдаг гэх үү дээ. Гэхдээ Соншин /түүний нөхөр/ надад хайртай гэж хэлж байсан. Магадгүй тэр үг нь намайг өөртөө нь суухад нөлөөлнө гэж бодсон байх . Харин би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хайртай гэдэг үгийг түүнд хэлж байгаагүй. Харин ч түүнийг, түүний гэр бүлийг үзэн яддаг. -Чи гадуур гарахдаа чөлөөтэй явж чаддаг уу. Түүнчлэн солонгос иргэдтэй гэр бүл болсон өөрийн адил эмэгтэйчүүдтэй уулздаг уу? -Солонгост ирсэн эхний 2 жилд гадуур явдаггүй байсан. Эднийхэн гадуур гаргахгүй гэдэггүй ч газар мэдэхгүй болохоор хаашаа ч явах билээ. Нөхөр болон хадмууд бүтэн сайнд христийн цуглаанд явдаг юм. Би ч гэсэн хүүхдүүдээ дагуулаад явдаг. Тэнд хоёр монгол эмэгтэй бас нөхрөө дагаж ирдэг л дээ. Тэдэнтэй л зовлон жаргалаа хуваалцана шүү дээ. Бас л надтай адил зовлонтой хүмүүс. Тэдний нэг болох Д эгч энд ирэхээсээ өмнө Монголд гэр бүлтэй байсан юм билээ. Тэр асуудлаасаа болж байнга солонгос нөхөртөө зодуулдаг гэсэн. Солонгосчууд их муухай хүмүүс зодохдоо хүртэл ил харагдахгүй газар нь зоддог. Саяхан нөхөр нь түүнийг хэвтэрт ортол нь зодсон гэж сонссон. Эх нь болсон хойно Монголд байгаа хүүхдээ энд авчирч сургуульд сургая гэж гуйсан юм билээ. Гэтэл нөхөр нь “Би 2 хоолны сав тэжээж чадахгүй” гээд зодсон байна лээ. Солонгос хүнтэй суусан бид нар шиг хүмүүс ер нь жаргах тухай яриад ч нэмэргүй. Ажлын мал болж, өдөр шөнөгүй ажиллаад л, элдэв үгээр доромжлуулна. Гэтэл өнөө дээрэлхэж байгаа амьтад нь үнэндээ олигтой ч юм биш шүү дээ. Солонгос хүүхнүүддээ гологдсон нийгмийн шаар л байдаг байхгүй юу гэв.Нөхөр нь ойр ойрхон утсаар залгаад байна гэсэн болохоор нь удаан байлгахыг хүссэнгүй. Аягүй бол гэртээ ороход нь “Чи хаашаа алга болчихов” гээд хөөрхий бүсгүйд гар хүрэх ч юм билүү хэн мэдхэв. 2 хүү нь өсөж томроод өөрийг нь хамгаална гэж тайтгарч суугаа энэ л эмэгтэйн адил олон арван монгол охид эмэгтэйчүүд харийн нутагт зовж шаналж боолчлогдож байна. Энэ бүхэнд хэнийг ч буруутгамаар юм дээ, бүү мэд. Таныг энэ ярилцлагыг уншиж суух энэ агшинд амьдралд хөл алдсан бас нэгэн эмэгтэй солонгос иргэнтэй танилцаж, хүссэн хүсээгүй суух тухай бодож, зарим нь бүр гэрлэж байгаа байх.

LEAVE A REPLY